Гол агуулга руу шилжих
Таны итгэлийг хүлээсэн санхүүгийн түнш Салбарын байршил
Шинэ мэдээлэл

Улирлын онцлох ажилтны ярилцлага #4

"Бүрэн Финанс" ББСБ-ын IV-р улирлын онцлох ажилтан Эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Баясгалантай ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна

Улирлын онцлох ажилтны ярилцлага #4

Онцлох ажилтан цуврал #4

"Бүрэн Финанс" ББСБ-ын IV-р улирлын онцлох ажилтан Эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Баясгалангийн өгсөн ярилцлагыг хүлээн авна уу.

Та өөрийгөө товч танилцуулаач? 

  •  Сайн байна уу? Намайг Баясгалан гэдэг. Одоогоор би “Бүрэнфинанс ББСБ” ХХК-ийн Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байна. Хамт олонтойгоо нэгдээд яг нэг жил болжээ. Миний хувьд санхүүгийн салбарт 15 жил ажилласан туршлагатай. Санхүүгийн менежмент мэргэжлээр бакалаврын зэрэгтэй. Өмнө нь банкны салбарт ажиллаж байхдаа эрсдэлд суурилсан аудит нэвтрүүлэх, томоохон төсөлд оролцсон. Мөн салбарын борлуулалтыг хариуцан ажиллахдаа хариуцсан салбарын борлуулалтын үзүүлэлт, цэвэр ашгийг дөрөв дахин өсгөж байсан амжилтууд бий. Миний өмнөх туршлагаас олж авсан үнэ цэнтэй чадварууд бол байнгын суралцах, анализ хийх, баримтад тулгуурласан дүгнэлт гаргах чадварууд байдаг. Миний хичээл зүтгэлийг үнэлж, оны шилдэг ажилтан, Монгол банкны шагнал зэргээр урамшуулж байсан нь ажлын маань үр дүнг тодорхойлдог гэж боддог.

Таны ажил мэргэжлийн онцлог? Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

  • Миний ажил мэргэжлийн гол онцлог бол анализ хийх болон баримтад тулгуурласан шийдвэр гаргах явдал байдаг. Аливаа асуудлыг нэг бус, олон өнцгөөс харах, "Яагаад?" гэсэн асуултыг үргэлж тавьж, илүү бодит дүгнэлт гаргахыг эрмэлздэг. Бүх дүгнэлт, зөвлөмжүүд заавал бодит баримт, тоон мэдээлэлд тулгуурласан байх ёстой гэсэн зарчим баримтлан ажиллаж байна. Зөвхөн эрсдэлийн удирдлагын ажлыг хийхээс гадна, хамт олны болон байгууллагын стратегийн зорилгод дэмжлэг үзүүлэх, төсөл судалгаанд идэвхтэй оролцохыг чухалчилдаг.

Миний ажлын өдөр бүтэцтэй төлөвлөлтөөр эхэлдэг. Би ажлаа гурван үндсэн хэсэгт хуваарилж, бүтээмжийг дээшлүүлэх арга барил хэрэглэдэг:

  1. Үдээс өмнө (бүтээмж өндөр байдаг цаг): Хамгийн их энерги, төвлөрөл шаардах ажлуудыг хийж гүйцэтгэхийг зорьдог (жишээ нь: тайлан, баримт бичиг боловсруулах, зээлийн эрсдэлийн дүгнэлт гаргах). Энэ үед миний бүтээмж хамгийн өндөр байдаг.
  2. Зайлшгүй ажлууд (хугацаатай): Хугацаа алдахгүй зайлшгүй хийх ёстой, өдөр тутмын ажил (эрсдэлийн дүгнэлт) болон холбогдох хурал, зөвлөгөөнүүд.
  3. Үдээс хойш (төвлөрөл бага шаардах): Өндөр төвлөрөл шаардахгүй ч, ББСБ-ын ирээдүйн хөгжилд тус болох судалгаа, төсөлд цаг гаргах, эсвэл захиргааны шинж чанартай ажлуудыг хийдэг.

Үндсэн ажлын хажуугаар шинэ мэдээлэл цуглуулах, салбарын чиг хандлагыг судлах зэрэгт тогтмол цаг гаргах нь миний өдөр тутмын ажлын салшгүй хэсэг байдаг.

“Бүрэнфинанс” ББСБ-ын дотоод соёл ямар вэ? бусад компаниас ялгарах зүйл байдаг уу?

  • Манай ББСБ-ын соёлыг товчоор Хөгжлийг дэмжигч, Бүтээлч хамтын ажиллагаатай, Зохион байгуулалттай гэж тодорхойлж болох санагддаг. Миний бодлоор биднийг бусад байгууллагаас ялгаруулдаг том давуу талууд бол:

Нэгдүгээрт: Хэн нэгэн шинэ санаа, шийдэл гаргавал, түүнийг хэрэгжүүлэх нээлттэй, шуурхай дэмжлэг үзүүлдэг удирдлагын багтай. Энэ нь биднийг илүү хурдтай, шинэлэг байлгадаг;

Хоёрдугаарт: Ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, үр дүнг хянах, үнэлэх тогтолцоо нарийн зохион байгуулалттай байдаг. Энэ нь биднийг үр дүнтэй ажиллах баталгааг өгдөг.

Гуравдугаарт: Манай байгууллагын удирдлагуудын манлайлах чадвар, удирдлагын багийн менежментийн чадварууд нь энэ салбарын бусад байгууллагууд дунд онцгойрно гэж боддог.

Миний хамгийн дуртай соёл бол хамт олны итгэлцэл болон бүтээлч байдлыг дэмждэг уур амьсгал юм. Санаачилга гаргасан нэгнийгээ дэмжих, хамтдаа хөгжих эрхэм чанарууд нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд түгээмэл байдаг.

Би "Бүрэнфинанс ББСБ"-д анх шинэ нэгж буюу Эрсдэлийн удирдлагын газрыг шинээр байгуулахад хариуцан ажиллаж эхэлсэн. Тухайн үед нэгжийн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт нь бэлэн байгаагүй учраас бүх зүйл шинэ, амаргүй сорилт байлаа. Гэсэн хэдий ч, удирдлагын зүгээс зөвлөх, чиглүүлэх, мэдэхгүй чадахгүй зүйл дээр идэвхтэй дэмжсэн нь надад шинэ зүйлийг хурдан сурч, бүтээх том боломжийг олгосон гэж бодож байна. Энэ нь зөвхөн ажлын гүйцэтгэл төдийгүй, хувь хүний мэргэжлийн чадавхыг сайжруулах боломж болсон. Хариуцсан нэгжийн үйл ажиллагааг шинээр хэрэгжүүлэх, мөн ББСБ-ын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцож байх нь миний хувьд ажлын хамгийн том хөгжил, өсөлт гэж үздэг.

Ажил хийхэд баг хамт олны уур амьсгал хэр чухал гэж боддог вэ? яагаад?

  • Баг хамт олны уур амьсгал бол ажлын үр дүн, компанийн тогтвортой байдлын үндэс суурь гэж үздэг. Энэ нь зүгээр нэг сайхан харилцаа төдий бус, компанийн ашигт ажиллагааг тодорхойлогч хүчин зүйл болж байдаг. Тухайлбал:
  • Хувь хүний эерэг хандлага, хүсэл тэмүүлэлтэй үгс нь хамт ажилладаг хүмүүст шууд нөлөөлж, эерэг уур амьсгалыг бий болгодог.
  • Эерэг уур амьсгал нь ажилтны стрессийг бууруулж, улмаар ажлын бүтээмж, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх шууд нөлөөтэй гэж боддог.
  • Багийн уур амьсгал сайн үед ажилтнууд санал, санаагаа айдасгүйгээр нээлттэй илэрхийлж чаддаг.
  • Сайн санаануудыг шийдвэрт тусгах, мөн болзошгүй алдаа, эрсдэлийг хурдан олж, хамтдаа засварлах боломжууд илүү ихээр гардаг нь зөв шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлдэг.
  • Хүмүүс цалингаас гадна хамт олны уур амьсгалд ихээр татагдаж, тогтвортой ажилладаг нь ажиглагддаг. “Хамтарч бүтээдэг, хамтдаа хөгждөг, хамтдаа байхдаа эерэг байх” энэ соёл нь ажилтныг компанид үнэнч байхад их нөлөөлдөг.
  • Манай ББСБ-д урт хугацаанд ажиллаж буй ажилтнуудын тоо нь энэхүү эерэг уур амьсгалын бодит үр дүнг харуулдаг гэж дүгнэж байна.
Мэдээг хуваалцах: