"БҮРЭН ФИНАНС" ББСБ нийгмийн хариуцлагын хүрээнд "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн түр хамгаалах байрны даван туулагч эмэгтэйчүүдэд санхүүгийн цуврал сургалт нэг жилийн турш амжилттай зохион байгуулж дууслаа.
“Бүрэн Финанс” ББСБ нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, иргэдийн эдийн засгийн дархлааг бэхжүүлэхэд чиглэсэн, олон талт, тогтвортой санаачилгуудыг жил бүр тасралтгүй хэрэгжүүлж байна. Санхүүгийн мэдлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар нийгмийн сайн сайхныг дэмжих зорилготой манай үйл ажиллагаа нь өсвөр үеийнхэн болон эмэгтэйчүүд зэрэг олон нийтийн чухал бүлгүүдэд шууд хүрч, амьдралд нь бодитой эерэг өөрчлөлт авчирсаар байна.
2024 онд бид Улаанбаатар хотын 7 дүүргийн Насан туршийн боловсролын төвүүдтэй хамтран, нийслэлийн 7 ерөнхий боловсролын сургуулийн 1500 гаруй дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан “Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгах” нэртэй хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. 2025 онд ч энэхүү сургалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд илүү өргөн хүрээг хамруулах, илүү олон хүүхдэд хүрэх зорилготой ажиллаж байна.
Мөн 2025 онд бид “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн түр хамгаалах байрны даван туулагч эмэгтэйчүүдэд зориулсан “Санхүүгийнхээ Бэрс нь Би Өөрөө” нэртэй шат дараалсан сургалтыг амжилттай зохион байгуулж, нэг жилийн турш амжилттай хэрэгжүүлсэн сургалтаа хаалаа. Энэхүү цуврал сургалт нь санхүүгийн мэдлэг олгохоос гадна оролцогч эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл, шийдвэр гаргах чадвар, бие даасан амьдралын суурийг тавих зорилготой байлаа.
“Бүрэн Финанс” ББСБ нь ашгийн бус, олон нийтийн сайн сайхны төлөө, тэр дундаа нийгмийн чухал бүлгүүд рүү чиглэсэн, бодит үр нөлөөтэй, тогтвортой санхүүгийн боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаадаа туйлын их баяртай бөгөөд нийт 4 удаагийн шат дараалсан сургалтад хамрагдсан оролцогчид энэхүү сургалтыг зөвхөн мэдээлэл өгөөд зогсохгүй, амьдралд хэрэгжихүйц, урам зориг, шинэ гарц, өөрийгөө дахин нээх хүч өгсөн хэмээн үнэлж байгааг бид гүнээ талархан хүлээн авсан билээ. Түүнчлэн “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн зүгээс цаашид ч бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь энэхүү хамтын ажиллагаа бодит үр дүн, харилцан итгэлцэл дээр үндэслэсэн үнэ цэнтэй түншлэл болж чадсаныг илтгэж байна.
БҮТЭХ ҮЙЛСИЙН БАТ ГҮҮР БҮРЭН ФИНАНС ББСБ



