"Бүрэн Финанс" ББСБ нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр санхүүгийн боловсролын сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлдэг. 2025 онд "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв"-тэй хамтран, түр хамгаалах байрны үйлчлүүлэгч даван туулагч эмэгтэйчүүдэд зориулсан "Санхүүгийнхээ Бэрс нь Би Өөрөө" цуврал сургалтын 2дох удаагийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

"Бүрэн Финанс" ББСБ нь жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, улмаар тэдний эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх зорилготой “Бүрэн Челлэнж” сайн дурын хөтөлбөрийг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэхүү ажлын хүрээнд бид нийгмийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулахыг зорьдог бөгөөд олон нийтэд санхүүгийн мэдлэгийг хүртээмжтэйгээр түгээж, улмаар иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн бодлого баримтлан ажилладаг.
2025 онд бид “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-тэй хамтран түр хамгаалах байрны үйлчлүүлэгч даван туулагч эмэгтэйчүүдэд зориулсан санхүүгийн боловсролын цуврал сургалтыг эхлүүлсэн бөгөөд “Санхүүгийнхээ Бэрс нь Би Өөрөө” нэртэй энэхүү шат дараалсан сургалт нь эмэгтэйчүүдийг санхүүгийн мэдлэг, ур чадвараар хангаж, бие даасан байдал, эдийн засгийн хувьд өөртөө итгэлтэй байх суурийг бий болгоход чиглэж байна.
Бид хөтөлбөрийн анхны сургалтыг 2025 оны 3-р сард амжилттай зохион байгуулсан бөгөөд оролцогч эмэгтэйчүүд санхүүгийн боловсролын үндсэн ойлголт, мэдлэгийг эзэмшиж, ирээдүйн санхүүгийн төлөвлөгөөгөө тодорхойлох чухал эхлэлийг тавьсан юм. Харин хоёр дахь удаагийн сургалтаараа бид өмнөх мэдлэгийг улам бататган, зүгээр л мөнгөө хэрхэн захиран зарцуулахыг заах бус, амьдралынхаа жолоог өөрөө атгаж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх итгэл, тэмүүллийг нь асааж өгсөн үр дүнтэй, хүчтэй сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Бид нийгмийн сайн сайхны төлөө бодит өөрчлөлтийг бий болгож чадахуйц санхүүгийн боловсролын идэвхтэй сургагч байхын төлөө тууштай ажиллаж байна. Энэ хүрээнд бид санхүүгийн мэдлэгийг илүү хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар түгээхийг зорьж, эмэгтэйчүүд, өсвөр насны хүүхдүүд цаашлаад нийгмийн эдийн засгийн дархлааг бэхжүүлэх тогтвортой шийдэл хэмээн энэхүү цуврал сургалт хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд хоёр дахь удаагийн сургалтаа амжилттай зохион байгууллаа.
Хүчирхэг эмэгтэйчүүд – Санхүүгийн эрх чөлөө!
БҮТЭХ ҮЙЛСИЙН БАТ ГҮҮР БҮРЭН ФИНАНС ББСБ